Говь-Алтай аймгийг малын гоц халдварт өвчингүй бүс болгоно

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев нар Дэлхийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурав.

“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Орхон, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатар гэсэн 14 аймгийн 150 сумдад болон Улаанбаатар хотод хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд дээрх аймгуудыг шүлхий, бог малын мялзан зэрэг гоц халдварт өвчингүй бүс хэмээн олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын төв лабораториудыг олон улсын түвшинд хүргэх, төсөл хэрэгжих нийт аймгуудын мал эмнэлгийн лабораторийг сайжруулах, сүлжээ, дэд бүтцийг хөгжүүлэх, улс даяар нийт малын эмч нарыг чадавхжуулах, ажлын байраар хангах, мал эмнэлгийн тогтолцоог сайжруулах чиглэлээр ажиллах аж.

Уг төсөл хэрэгжсэнээр малын гоц халдварт өвчний тохиолдлыг хамгийн багадаа 25 хувиар бууруулах, мах, сүүний гарцыг 15 хувиар нэмэгдүүлэх, 20.000 малчныг шууд хамруулах, малын үнэ цэнийг 20 хувиар нэмэгдүүлэх зэрэг үр дүн гарах бөгөөд мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, малын үр шимийг нэмэгдүүлэх, экспортын зах зээлийг өргөжүүлэх, малчдын амьжиргааг сайжруулах суурь нөхцөлийг бий болгохоор төлөвлөжээ.

Манай улс 2013-2017 онд Дэлхийн банкны 11 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийг Хөвсгөл, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор аймгийн 15 суманд хэрэгжүүлж, төсөлд 14.0 мянган малчинг хамруулахад малчдын мах, сүү, ноос, ноолуураас олох орлого дунджаар 78 хувиар нэмэгдсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийгадмин устгах эрхтэй.Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.