“Алтайгаа номтой хот болгоё” аян өрнөж байна

              Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Алтайгаа номтой хот болгоё” аян хэрэгжсэнээр сүүлийн жилүүдэд аймгийн төвийн болон сумдын номын сангийн фонд арвижин уншигчдын эрэлт хэрэгцээг хангаж чадсан үр өгөөжтэй ажил болсоор байна.

Оюунлаг Алтайчууддаа зориулан өрнүүлж буй номын аяныг UBS телевизийн сэтгүүлч Х.Жавзмаа, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, сэтгүүлч Я.Одгэрэл нар санаачлан зохион байгуулж, аймгийн “Их Алтайн мэдээ” сонины редакци хамтран ажиллаж байгаа ажээ.

Энэ жилийн аянаар цугласан номоо Говь-Алтай аймаг дахь “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн номын санд хандивлах юм байна. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв ном уншлагын танхимтай, фондондоо 25121800 төгрөгийн үнэ бүхий 5160 ширхэг номтой бөгөөд ховор болон төрөл бүрийн шинжлэх ухаан, сурах бичиг, орчин үеийн уран зохиолын ном дутагдалтай байдаг гэнэ.

Алтайгаа номтой хот болгох, ирээдүй хойч үеийнхээ оюуны хөрөнгө оруулалтад өөрийн хувь нэмрээ өргөх номын аянд Алтай нутгаар овоглодог Улаанбаатар хот болон бусад газар амьдардаг хүмүүс, хөдөөгийн иргэд нэгдэн оролцож байна.

Одоогийн байдлаар аймгийн Эрүүл мэндийн газар, Статистикийн газар, IV цэцэрлэг, II сургууль, Сум дундын ойн анги, Өмчийн албаны хамт олон зэрэг нэлээд байгууллага иргэд ном хандивлаад байна.

                                                                                                                                                                              Ш. Цоодол

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0